УИХ-ын гишүүн асан С.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, суулт зарлаж буйгаа мэдэгдэв.  Тэрбээр:

-Засгийн газрыг огцортол нь сууна. Эндээс хөдлөхгүй. Хэдэн сар жил болсон ч хамаагүй. Би хэлсэн үгэндээ хүрдэг. Монголчууд үндсэн хуулиа барьж ажиллах ёстой. Тиймээс эрхэм Ерөнхийлөгч та ажлаа хийж, чиг үүргийн дагуу Засгийн газар, УИХ-ыг тараана уу гэдэг шаардлага тавьж байна. Ерөнхий сайдыг хүрч ирэхийг урьж байна. Асуух олон асуулт байна. Монголд үнэн зүйл байхаа больсон. Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцлагаас зугтаж мод тарьж байна. Мод тарих биш, Монголоо авар л даа. Өвчин зовлонтой энэ үед гол усаар хүн дагуулж зунжингаа найрлалаа. НҮБ-ын хурал дээр очоод худлаа яриад явж байна. Монголд үнэн алга. Тиймээс огцрохыг хүсэж байна. Эх орноо хайрлах, мэргэжилтэй, сэтгэлтэй, чадвартай мянга мянган залуус бий.

Өнөөдрийн суулт нөхөн сонгуультай ямар ч холбоогүй. Нөхөн сонгуулиар УИХ-д  хоёр мал нэмээд хэрэггүй. Өчигдөр Замын-Үүдийн гаалийг хаалаа гэсэн. Бидний муулдаг БНХАУ тавхан хүн өвдөхөд тусгаарлаж, ариутгаж байна. Бид ариутгасан уу. Дэлхийн улс орнууд энгийн амьдрал руу шилжсэн байна. Гэтэл дэлхий даяараа үхэж байна гэж иргэдийгээ хаяж байгаа. Хүний амь модноос үнэгүй болсон юм уу, хүний амь шоунаас илүү үнэгүй болсон юм уу?

Эх орондоо хайртай бүх залуучуудыг талбай дээр гарч ирэхийг уриалж байна. С.Жавхлан эндээс хөдлөхгүй. Төр засгийн удирдлагууд иргэдээсээ уучлалт гуйж, албан тушаалаасаа буух хүртэл нь энд сууна гэлээ.

Сэтгэгдэл бичих