Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэв.

Монгол Улс байгалийн баялгаа хайгуулж хийж илрүүлээд, түүнийгээ олборлож экспортод шууд гаргадаг. Үүнийг өөрчилж, байгалийн баялгийн боловсруулалт, борлуулалт, хуваарилалтын асуудлыг хуульчлах шаардлагатай байгаа юм. Тиймээс өнөөдөр боловсруулалттай холбоотой асуудлыг зохицуулах Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барих болсон байна. Мөн байгалийн баялгийн хуваарилалтыг Үндэсний баялгийн сангаар дамжуулан шийдвэрлэхээр болж, холбогдох хуулийн төслөө боловсруулж буйг УУХҮ-ийн сайд мэдээлсэн юм.

Мөн тэрбээр Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын Монгол, БНХАУ-ын хамтарсан зөвлөлийн гуравдугаар хурал энэ сарын 15-нд болно гэдгийг мэдээлэв. Уг хурлын үеэр Монголын талын баримтлах удирдамжийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Монголын талаас нэн тэргүүнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай нарын цахим хурлын үеэр ярилцсан асуудалд төвлөрөх аж. Тодруулбал, Улаанбаатар хотыг тойрсон хурдны автозам, Баганан тулгуурт автобусны зам, Монгол Улсын өмнөд бүсийн нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглах, Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны автозам зэрэг төслийн талаар хэлэлцэх аж. Түүнчлэн ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дайруулах төслийг хэлэлцэх юм. Мөн нүүрсний экспортын хэмжээг нэмэх, хилийн боомтуудад тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар уг хурлаар ярилцахаар төлөвлөсөн байна.

Зөвлөлийн хурлын үеэр Шивээ-Овоогийн ДЦС, Таван толгойн ДЦС, Багануур-Чойр-Цагаан суваргын цахилгана дамжуулах агаарын шугам байгуулах, Замын-Үүд, Эрээн боомтоос БНХАУ-ын далайн боомтууд руу төмөр замаар ачаа тээвэрлэхэд тарифын хөнгөлөлт үзүүлэх талаар ярилцах аж.

Сэтгэгдэл бичих