Олон Улсын Валютын Сан (ОУВС)  дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх шинэчилсэн төсөөллөө танилцууллаа. “Дэлхийн эдийн засгийн төлөв: Цар тахлын үеийн сэргэлт” нэртэй энэхүү тайланд эрүүл мэндийн салбарын хүндрэл бэрхшээл, тээвэр ложистикийн саатал, үнийн өсөлтийн дарамтыг онцолжээ.

ОУВС дэлхийн эдийн засгийн төсөөллийг өмнөх тооцооллоос 0.1 пунктээр бууруулж  5.9 хувь байна гэж таамагласан бол 2022 оны өсөлтийг 4.9 хувьд хэвээр үлдээжээ. 2021 оны төсөөллийг ийнхүү бууруулахад дэлхий даяар үүсээд буй тээвэр ложистик, нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн тасалдал, түүнчлэн хөгжиж буй орнуудад цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа зэрэг нь голлон нөлөөлжээ. Мөн дельта вариантын тархалт эрчимтэй байгаа нь цар тахлыг даван туулах хугацаанд тодорхойгүй байдал үүсгэж, бодлого боловсруулагчдад сорилт учруулж, бодлогын шийдэл гаргах орон зайг хумьж байгааг дурдсан байна.

ОУВС-ийн шинэ тайланд Монголын ДНБ болон инфляцын таамаглалыг шинэчилсэн байна. Тухайлбал, инфляц 2021 оны дунджаар 5.4 хувь байх бол оны эцэст өмнөх оны мөн үеэс 7 хувиар өсөх, харин ирэх жилүүдэд 6-7 хувь орчимд буюу Төв банкны зорилтот түвшин 6±2  хувийн орчимд байхаар байна.

Мөн 2021 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг бага зэрэг сайжруулж 5.2 хувь хүргэсэн нь өмнөх таамаглалаас 0.2 нэгж хувиар өндөр байв.

Монгол Улс 2021 2022
Жилийн дундаж инфляц 5.4% 7.3%
ДНБ-ий өсөлт, жилийн дүнгээр 5.2% 7.5%

Дотоодод инфляц тээвэр ложистикийн саатал, мах болон шатахууны өсөлтийн нөлөөгөөр наймдугаар сарын байдлаар 8.9 хувьд хүрч төв банкны зорилтыг даваад буй. Монголбанкны зүгээс нийлүүлэлтийн гаралтай инфляцад яаран хариу үйлдэл үзүүлэх бус, эдийн засаг цар тахлын нөлөөнөөс бүрэн сэргэтэл мөнгөний бодлогоор дэмжинэ гэж мэдэгдээд байна. Төв банк инфляцыг нийлүүлэлтийн буюу нэг удаагийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөөгөөр түр зуур зорилтоос давахыг хүлээн зөвшөөрнө гэдгийг онцолж, үнийн түвшний өсөлт эргээд зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байгааг онцолж байсан юм.

 

 

Сэтгэгдэл бичих