УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн ирц хүрээгүй. Ингээд  Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр өглөө хуралдаж нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг 2021 оны  аравдугаар сарын 16-ны өдөр буюу ирэх бямба гаригт зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. УИХ-ын 18, 28 дугаар тойрогт нийт 148 хэсгийн хороо байгаа. Үүнээс 17 хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрсэн. СХД-т нэг, Хэнтий аймагт 16 хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрсэн байна. Ингэснээр 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явагдана гэдгийг СЕХ-ноос мэдээллээ. Нэмэлт санал хураалтад ирцийн босго байхгүй бөгөөд сонгуулийн эцсийн үр дүн болох юм байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт болсон. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн. Тиймээс СЕХ өнөөдөр хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Дээрх хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороод байгаагаас 17 хэсгийн хороонд ирц хүрсэн. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороон дээр нэг хэсгийн хороо, Хэнтий аймагт  16 хэсгийн хороодод ирц хүрсэн. 148 хэсгийн хороодоос 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулна. Өчигдөр хяналтын тооллого буюу гараар 100 хувь тоолсон. 148 хэсгийн хороонд гар тооллогыг хийхэд автоматжуулсан системийн дүнтэй зөрөөгүй.

18, 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд УИХ-аас СЕХ-ны зардалд  1.8 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Нийт хоёр тойргийн нөхөн сонгуулийг явуулахад шаардагдах зардал нь 2.2 тэрбум төгрөг. Дээрх 1.8 тэрбум төгрөгөөс үлдэж байгаа 400 гаруй сая төгрөг нь улсын бүртгэлийн байгууллагын зардал. Нөхөн сонгуулийн зардалд багтааж нэмэлт санал хураалтыг явуулна. Нэмэлт санал хураалтад ирцийн босго байхгүй.

Сэтгэгдэл бичих