Өчигдөр АНУ-ын төрийн департмент тус улсын цөмийн зэвсгийн нөөцийг сүүлийн байдлаар зарлажээ. Доналд Трампын засаг захиргааны үед цөмийн зэвсгийн тоо хэмжээг огт зарлаагүй бөгөөд хамгийн сүүлд 2015 онд зарлаж байсан юм. Одоогийн байдлаар АНУ нь 3750 цөмийн цэнэгт хошуутай байна. Үүнээс гадна ашиглалтаас гаргаж, устгахаар бэлдэж буй 2000 цөмийн зэвсэг хадгалагдаж байгаа ажээ.

Ирэх онд Цөмийн Зэвсэг Хориглох Гэрээний ээлжит чуулган болох бөгөөд Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа уг чуулганыг угтуулан зэвсгийн нөөцөө шинэчлэн зарлаж байгаа юм байна. Уг гэрээнд дэлхийн цөмийн зэвсэгтэй орнууд нэгдсэн байдаг ба тус тусын зэвсгийн тоо хэмжээгээ бууруулах амлалт авсан байдаг.

Жо Байден 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө  тус улсад цаашдаа цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага байхгүй гэж мэдэгдэж байжээ.

АНУ  1967 онд нийт 31255 цөмийн цэнэгт хошуутай байсан нь түүхэн дээд үзүүлэлт юм.

1994-өөс 2020 оны хооронд тус улс 11683 цэнэгт хошууг устгажээ.

2010 онд Барак Обамагийн засаг захиргааны үед АНУ нь 5113 цөмийн цэнэгт хошуутай байсан бол 2015 онд 4717 болж буурсан байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл бичих