Этиопт хайгуул хийж байсан палеонтологичид 1973 оны  арванэнэгдүгээр сарын 24 буюу энэ өдөр    3.2 сая жилийн тэртээ амьдарч байсан  эртний эмэгтэй хүний араг ясны хэлтэрхийнүүдийг олжээ. Өөрөөр хэлбэл тухайн үед хамгийн эртний олдвор учраас дэлхийн анхны хүн хэмээн үзсэн байдаг. Тухайн үед палеоантропологич Доналд Жонсон кэмп руугаа буцаж явахдаа  Битлзийн  хамтлагийн ‘Lucy in the Sky with Diamonds’ дууг сонсч явсан учраас уг олдворыг Люси хэмээн нэрлэсэн байна. Люсигийн шинжлэх ухааны нэр нь  Австралопитек юм.  Люси антропологийн өнөөг хүртэлх олдворуудаас үнэлж баршгүй ховор нь. Араг ясыг судалсны үндсэн дээр эрдэмтэд Люсиг хоёр хөл дээрээ алхдаг байсныг олж тогтоосон нь хамгийн чухал нээлт байлаа. Гэвч Люсигийн үхлийн шалтгаан нь оньсого хэвээр үлдсэн юм. Эрдэмтэд хэд хэдэн таамаглал дэвшүүлсэн ч алин ч батлагдаагүй. Түүний араг ясанд бусдад хөнөөлгөсөн, араатан амьтанд бариулсан гэх шинж тэмдэг бэртэл гэмтэл байхгүй. Гэвч аарцагны ясны зүүн дээд талд гэмтэлтэй аж. Иймд  түүнийг өндөр модноос унаж амиа алдсан хэмээн таамаг дэвшүүлсэн байдаг. Нас барах үедээ Люси 12 настай байсныг тогтоосон.

 

 

Люсиг анх олсон Этиопийн Аддис Абеба дахь Үндэсний музейд хадгалж байгаа ажээ. Гэвч музейн үзвэрт зөвхөн Люсигийн шавар баримлан хувилбарыг тавьсан байдаг. Люсигийн олон хувилбарыг дэлхийн өнцөг булан бүрт музейд дэлгэн үзүүлдэг. Австралопитек буюу эртний хүн орчин үеийн хүнтэй царай төрхөөр ойролцоо, хоёр хөл дээр явдаг ч намхан байсныг Люси гэрчилдэг. Люсигийн  бие махбодийн хөгжил нь бүрэн гүйцсэн  ч  ердөө 1.1 метр өндөртэй, дөнгөж 29 кг жинтэй байсныг эрдэмтэд тогтоосон юм.

 

 

Түүний араг ясных нь 40 гаруй хувь чулуужин үлдсэн байна.  Энэхүү эртний хүний араг ясыг Этиопчууд Динкинеш буюу “Чи гайхамшигтай” гэж нэрлэдэг  Энэ олдворын хамгийн чухал зүйл нь хүн төрөлхтний эртний өвөг эцэг босоогоор явдаг байсан гэдгийг гэрчилсэн явдал юм. Люси хөлтэйгээ харьцуулахад урт гартай байсан хэдий ч шимпанзе шиг урт байсангүй. Гавлын яс нь жижиг хэмжээтэй, гэхдээ бас л сармагчин шиг биш. Харин царайн төрх нь үндсэндээ гориллтой тун төстэй.Булчинлаг эрүүний бүтэц, конус хэлбэрийн чээж зэргээс нь үндэслэн эрдэмтэд Люсиг ихэвчлэн ургамлаар хооллодог байсан гэж таамаглажээ.  Тэгвэл 2010 онд хэсэг эрдэмтэд Австралопитек төрлийнхөн анх хоол хийж, мах иддэг болсон хүний өвөг дээдэс гэж үзсэн аж.

Люсиг 2007 онд анх олон нийтэд үзүүлж, АНУ-д бүтэн зургаан жилийн турш тойрон аялал хийснээр тун алдартай болжээ. Харин домогт Люсиг 2013 онд Этиоп улсад эргүүлэн өгсөн юм.

– Люсигийн араг ясны 40 орчим хувь нь л олдсон –

Хэдийгээр Люсиг дэлхийн анхны хүн гэж нэрлэсэн ч түүнээс нэг сая гаруй жилийн өмнө амьдарч байсан хүний араг яс олдсон байдаг. Тодруулбал,
1994 онд мөн л Этиопоос олдсон “Арди” хэмээх чулуужсан араг яс олджээ. Түүний насыг эрдэмтэд бүтэн 15 жилийн судалсаны  эцэст 4,4 сая жилийн настай гэж тогтоосон байна.

Сэтгэгдэл бичих