-Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэх болсон. Энэ хүрээнд Монгол Улсын эдийн засгийн чуулганыг бас зохион байгуулах гэж байна. БОАЖЯ энэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийг хэрэгжүүлэх талаар хэрхэн ажиллах вэ?

-Коронавируст халдвар /КОВИД19/-т цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн суурийг тэлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 2022 оны 01 дүгээр албан даалгавар гарсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого болон Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэртэй уялдуулан 4 зорилт, 8 үйл ажиллагаа, 26 дэд арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс даяар өрнүүлэх, усны нөөцийг хамгаалж, хүн амыг баталгаат ундны усаар хангах, говийн бүс нутгийн усан хангамжийг нэмэгдүүлэх экологи, эдийн засгийн ач холбогдолтой “Хөх морь” төсөл, орчны бохирдлыг бууруулах, энгийн болон аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах болон дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн ногоон хөгжлийн жишиг загвар бий болгохоор зорьж ажиллаж байна.

-Та уур амьсгалын өөрчлөлтийн талаар дурдлаа. Танай яам болон Засгийн газрын зүгээс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?

-Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хэд дахин хүчтэй явагдаж байна. Үүний улмаас байгаль, цаг агаараас ихээхэн хараат мал аж ахуй, газар тариалангийн салбар илүүтэй эрсдэлд орж, гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ нэмэгдэж байна. Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 333 дугаар тогтоолоор “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо”-г байгуулсан. Энэ Үндэсний хороог Ерөнхий сайд ахлан ажилладаг. Үүнд салбар бүрээс төлөөлөл оролцсон 26 хүний бүрэлдэхүүнтэй юм. Үндэсний хорооны анхны хурлаар нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ тодорхойлсон тогтоол удахгүй албажиж гарна. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн болон “Тэрбум мод” тарьж ургуулахад тулгамдсан асуудлыг авч хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газрын зүгээс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх ажил, “Тэрум мод” хөтөлбөрийг эрчимжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажилд онцгой анхаарч байна. Цар тахлын нөлөөгөөр доройтсон эдийн засгаа сэргээх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх олон талын арга хэмжээтэй уялдаад экосистемээ дэмжих, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах бодлого хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Үүнд олон улсын байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах ажил ч эрчимжиж эхэлсэн.

 -Тэгвэл та Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд хийх ажил, хэрэгжүүлэх төслөөсөө танилцуулна уу?

-“Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх, мөн усны нөөцийг хамгаалж, хүн амыг баталгаат ундны усаар хангах, говийн бүс нутгийн усан хангамжийг нэмэгдүүлэх экологи, эдийн засгийн ач холбогдолтой “Хөх морь” төсөл, орчны бохирдлыг бууруулах энгийн болон аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зэрэг хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингээд “Хөх морь” төсөл болон Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах төслийн талаар товч танилцуулъя.

“Хөх морь” төсөл

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Монгол орны томоохон голуудын урсац эрс багасаж, жижиг гол горхи, нуур цөөрөм ширгэж голуудын эрэг татам дагуух экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, хуурайшилт хүчтэй явагдаж байна. Бид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөцийн хомстол, шар шороон шуурганы эсрэг тэмцэж буй бодлого, зорилтоо бодитой үр дүнд хүрэхийн тулд экосистемийг тэтгэх үндсэн нөхцөл болох усны нөөцийг хуримтлуулж, гадаргын усыг ашиглах асуудал нэн чухлаар тавигдаж байна. Хүн ам, газар тариалан, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахын тулд гадаргын ус хуримтлуулж, ашиглах “Хөх морь” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн хүрээнд томоохон голуудад урсцын тохируулгатай олон зориулалт бүхий усан сан байгуулах, үерийн усыг хуримтлуулж нөөцлөх техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулан барилгын ажлыг эхлүүлэх, усны эрэлт ихтэй говийн бүс рүү ус дамжуулах шугам хоолой татах томоохон төслүүдийг хэрэгжүүлэх 33 байршлыг тодорхойлсон. Эдгээрээс 10 байршилд усны барилга байгууламж барих урьдчилсан судалгааны ажил хийгдэж байна. Одоогоор “Хөх морь” төслийн хүрээнд “Хэрлэн-Тооно” усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг 2014 онд хийгдэж, “Орхон-Онги” усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэл 2020 онд, “Говийн бүсийн үйлдвэр, уурхайн ус хангамжийг нэмэгдүүлэх” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг 2021 онд боловсруулж батлуулсан. Өмнийн говийн бүс нутагт дахь нийт усны эрэлт нь 2019 онд 20.61 сая.м3 /жил байсан бол 2030- 2050 онд 3.3-3.4 дахин өсөх тооцоо гарсан. Энэхүү өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээг хангахын тулд томоохон голуудад урсцын тохируулгатай олон зориулалт бүхий усан сан байгуулах, үерийн усыг хуримтлуулж нөөцлөх, усны эрэлт ихтэй говийн бүс рүү ус дамжуулах шугам хоолой татаж, усан хангамжийн дэд бүтцийг байгуулах шаардлагатай байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг хангах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт газрын доройтлыг бууруулах, тэрбум мод үндэсний хөдөлгөөний тухайн бүс нутагт шаардлагатай байгаа усны асуудлыг шийдвэрлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

“Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах” төсөл

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон улсын стандартад нийцсэн энгийн болон аюултай хог хаягдлын үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулахаар төлөвлөсөн. Аюултай хог хаягдлыг байгаль орчинд халгүй аргаар устгах, булшлах, хоргүйжүүлэх зориулалтын төвлөрсөн байгууламж байхгүйгээс их хэмжээний аюултай хог хаягдал хуримтлагдан зориулалтын бус газар хадгалж байгаа нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой хохирол учруулах эрсдэлийг бий болгож байна. Аюултай хог хаягдлыг түр хадгалах, устгах зориулалтын байгууламжийг байгуулснаар улсын хэмжээнд зориулалтын бус газарт хадгалагдаж байгаа устгах шаардлагатай 369 тонн, 68000 л химийн бодис болон бусад аюултай хог хаягдал, сав, баглаа боодлыг устгаж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэх юм. Одоогоор аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулахыг Улаанбаатар хот болон Хөвсгөл, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь, Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Дундговь, Дархан-Уул аймгуудад байгуулсан. Ингэснээр аюултай хог хаягдлыг сум, дүүргээс тодорхой хуваарийн дагуу татан авах боломж бүрдэнэ. Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тушаалаар “Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг барих газрын байршлыг тогтоох, судалгаа, дүгнэлт гаргах, санал боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан газрын байршлыг сонгохоор ажиллаж байна. Аюултай хог хаягдлыг боловсруулах байгууламжтай болсноор жилд 10 мянган тонн хаягдал боловсруулж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм.

-Та яриандаа “Тэрбум мод” хөтөлбөрийн талаар нэлээд дурдлаа. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейн чуулганы индэр дээрээс цөлжилтийг сааруулах, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилгыг гаргаж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг гарсанаар уг хөдөлгөөн улс, орон даяар өрнөж эхлээд байна. “Тэрбум мод” тарьж ургуулах ажлын хүрээнд ойт хээрийн шилмүүст, навчит болон говийн бүсийн заган ойг нөхөн сэргээж, ойн санг нэмэгдүүлэх, тариалангийн талбай, авто болон төмөр зам, уст цэг орчмын газарт хамгаалалтын ойн зурвас байгуулах, төв, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, жимс жимсгэний мод тарих замаар агро-ойн аж ахуйг хөгжүүлэх юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгуулж, нийт 680 сая мод тарих болсон. Мөн уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд үндэсний хөдөлгөөний хүрээнд 608 сая мод тарьж, ургуулахаа илэрхийлж батламж гардан авсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын оролцоо маш чухал юм. Манай яамнаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, улмаар Ойн агентлаг байгуулах, хаврын тариалалт эхлэхээс өмнө аймаг, нийслэлд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, тарьц суулгац, үрийн нөөцийг нэмэгдүүлэх, ойн хортон шавжтай тэмцэх, мод тарьж ургуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, хуурайшилтын үед ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах хүрээнд тарих модны байршлыг тогтоох зэргээр олон арга хэмжээг төлөвлөж, зохион байгуулан ажиллаж байна.

 -Сүүлийн жилүүдэд уур амсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал хурцаар тавигдаж буй талаар дурдлаа. Тэгвэл Монгол орны газар нутгийн хэдэн хувь нь цөлжилт гээч “мангаст” өртөөд байна вэ?

-Манай орны хувьд байгаль орчны тулгамдсан асуудлын нэг нь яах аргагүй цөлжилт мөн. Өргөн уудам газар нутагтай бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг онцлогтой орны хувьд бидний амьдрал ахуйд шууд нөлөөлж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай улсад цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн тоо ихээхэн нэмэгдсэн. Үүний дотор жилд тохиолдох хүчтэй шуургатай өдрийн тоо 1960-1999 онд 20-37 байсан бол 2000-2016 онд 20-43 өдөр болж нэмэгдсэн юм. Монгол орны говь, тал хээрийн бүс нутагт хүчтэй салхи, шороон шуурганы давтамж нэмэгдэж хөрсний үржил шимтэй, ургамал ургахад чухал өнгөн давхарга салхи, шуурганд хийссэнээс ургамлан нөмрөг үгүй болж байна. Монгол Улс цөлжилтийн судалгааг анх 1992 онд хэсэгчилсэн байдлаар хийж эхэлсэн. Нийт нутаг дэвсгэрийн 41.3 хувь нь байгалийн тогтоц, шинж чанараараа цөлжилтөд өртөмтгий бөгөөд их, бага хэмжээгээр цөлжилтийн үйл явц илэрч байсан. Үүнээс хойш судалгааны арга зүйг боловсронгуй болгон нийт нутаг дэвсгэрийг хамруулан таван жил тутамд цөлжилтийн судалгааг хийж байна. Эдгээр судалгааны дүнгээр цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 2006 онд 72 хувь, 2010 онд 77.8 хувь, 2015 онд 76.8 хувь, 2020 онд 76.9 хувь болж тус тус нэмэгдлээ. Тодруулбал, 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөн байна. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдах боллоо. Говь, хээрийн бүсийн хур тунадас багатай Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-95 хүртэл хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгааны дүн гарсан.

 -Тэгэхээр цөлжилтөд нөлөөлж буй ямар ямар хүчин зүйлс байна. Нөхөн сэргээлт хэрхэн хийж байгаа вэ?

-Цөлжилт, газрын доройтлын 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн байна. Бэлчээрийн даац нийт газар нутгийн 30 гаруй хувьд 2-5 дахин хэтэрсэн, сүргийн зохистой бүтэц алдагдсан нь бэлчээрийн талхлагдахын бас нэг гол шалтгаан нь юм. Тэгэхээр бэлчээрийн талхлагдал нь цөлжилт, газрын доройтлын үндсэн хүчин зүйл болж байгаа. Түүнчлэн хариуцлагагүй уул уурхай, бичил уурхай, хөдөө, орон нутгийн олон салаа зам, байгалийн баялгийн зүй бус ашиглалт зэрэг нь бас сөрөг нөлөө үзүүлж байна. Монгол Улс 1996 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх үндэсний конвенцид нэгдэн орж, 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг тус тус батлан цөлжилттэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд нийт 10 мянга орчим га талбайд ойн зурвас байгуулах ажил гүйцэтгэсэн байна. Цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй өртсөн Ховд, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудад 2020-2021 онд цөлжилтийг сааруулах, элсний нүүлтээс хамгаалах, хамгаалалтын ойн зурвас байгуулах, говийн баянбүрдийг нөхөн сэргээх, элсний нүүлтийг сааруулах механик хаалт хийх, байгалийн ашиг шимт ургамлыг тарималжуулах, булаг шанд тохижуулах зэрэг арга хэмжээг 265 га талбайд хэрэгжүүлсэн. Мөн Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий аймгийн цөлжилтөд өртсөн газар нутагт хамгаалалтын ойн зурвас байгуулах талаар орон нутагтай хамтран ажиллаж байгаа юм. Хариуцлагагүй уул уурхай, бичил уурхайн хууль бус олборлолтын улмаас газрын хэвлийг эвдрэлд оруулж, улмаар цөлжилт, газрын доройтлыг нэмэгдүүлж байгаа зөрчил дутагдлыг таслан зогсоох хүрээнд БОАЖЯ-наас УУХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба хамтран “Нөхөн сэргээлт-2020 ерөнхий арга хэмжээ”-г зохион байгуулсан. Ингээд улсын хэмжээнд нийт 30.790 га эвдрэлд орсон, түүнээс уул уурхайн ашиглалтын улмаас 28.940 га газар эвдэгдсэн ба үүнээс нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай орхигдсон талбайн хэмжээ найман мянган га байгааг тогтоосон. Улмаар Засгийн газрын 2020- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Уул уурхайн улмаас эвдэрч, олон жил орхигдсон найман мянган га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн бодлогын том зорилтыг тусгасан. Жил бүр 2000 га-аас доошгүй талбайг нөхөн сэргээх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Шадар сайд, БОАЖ-ын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн №169, А/698, А/336, А/242 дугаартай хамтарсан тушаалаар салбар дундын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулсан. Тус ажлын хэсгийн зүгээс 2021 онд улсын хэмжээнд эвдрэлд орсон талбайнуудын нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж ажилласны үр дүнд техникийн нөхөн сэргээлтийг 2123.3 га талбайд, биологийн нөхөн сэргээлтийг 679.15 га талбайд тус тус хийлгүүлсэн нь тус яамны 2021 оны онцлох ажлын нэг байлаа. Нөхөн сэргээлтийн хувь хэмжээг нэмэгдүүлж, эрчимжүүлж ажилласан нь үр дүнгээ өгч байна.

-Та эцэст нь “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх, өгөөж гарах талаар товчхон дүгнэлт хийхгүй юу?

-“Ногоон хөгжлийн сэргэлт”- ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүд нь экологи, эдийн засгийн ач холбогдолтой юм. Тухайлбал, Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулахаас гадна дэлхийд ховорт тооцогдох эмийн ургамал, ан амьтан, биологийн төрөл зүйлээ хамгаалан үржүүлж, ногоон эдийн засгийг дэмжих замаар эмийн ургамал тарималжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, агро ойн аж ахуйг хөгжүүлэх, жимс, жимсгэнэ тариалах, мод үржүүлэг, үрсэлгээ, бортого, бордоо, ургамал хамгааллын бодис, усжуулалтын систем болон хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг олон төрлийн дагалдах үйлдвэр, аж ахуйг хөгжүүлэх нь иргэдийг ажлын байраар хангах, амьжиргааг дэмжих боломжуудыг бий болгож байгаа юм.