Олон улсын парламентын холбооны /ОУПХ/ 144 дүгээр ассамблей Индонезийн Бали аралд ням гаргаас эхэлжээ. Энэхүү чуулганд дэлхийн улс орнуудын парламентын олон зуун гишүүн оролцож байна.
Ассамблейг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо нээж, ОУПХ-ны ерөнхийлөгч, Португалын парламентын гишүүн Дуарте Пачеко, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар үг хэлжээ.
Ж.Видодо хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг онцлоод, шинэ, сэргээгдэх эрчим хүчийг хөхиүлэн дэмжиж, хөрөнгө оруулж, эрчим хүчний шилжилтийг бэхжүүлэхийг дэлхийн парламентын гишүүдэд уриалсан байна.
“Бид нүүрсэнд суурилсан эрчим хүчнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үүрэг амлалт өгсөн. Үүнийг хэлэхэд хялбар боловч бодит ажил болгоход тийм ч хялбар биш байна” гэж Ж.Видодо хэлжээ.
ОУПХ-ны нээлтийн үйл ажиллагаанд 100 гаруй орны 1000 орчим төлөөлөгч оролцсон талаар Индонезийн Төлөөлөгчдийн танхимын дарга Пуан Махарани мэдээлсэн байна.