УИХ-ын 2022 оны хаврын чуулган нээлтээ хийлээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, ҮХЦ-ийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, нийслэлийн удирдлагууд биечлэн оролцов. Мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид цахимаар оролцов.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Урин цагийн уур амьсгал наашилж, цар тахлын аюул цаашилсан цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган нээж байна. “Шинэ сэргэлт”-ийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Гэхдээ цар тахал томуу өвчний хэлбэрт шилжиж шинэ хувилбар дахин дэгдэх магадлалтайг анхаарч халдварт өвчнөөс сэргийлэх хэвшсэн дадлаа хадгалах ёстой.
Монгол Улсын эдийн засаг 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 хувийн өсөлттэй гарсан нь олон улс болон дотоодын мэргэжлийн байгууллагуудын төсөөллөөс харьцангуй бага байлаа.
Хэдийгээр дотоодод цар тахлын халдвар хумигдаж байгаа ч хөрш орнуудын энэ чиглэлээрх хатуу бодлого, гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан экспорт буурсан нь эдийн засагт хүндрэл бий болгож байна.
Тухайлбал, энэ оны эхний хоёр сарын байдлаар төмрийн хүдрээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний биет үйлдвэрлэл 13-97 хувь буурч, төлбөрийн тэнцэл 2022 оны нэгдүгээр сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Үнийн өсөлт эрчимжиж, инфляц улсын хэмжээнд 14.2 хувьд хүрэв.
Эрсдэлийн цаана боломж ч бас байгааг олж харж, түүнийг алдахгүйн төлөө, орлого ашиг олохын төлөө чармайх хэрэгтэй байна. Дэлхийн зах зээл дээр алтны ханш унци нь 2000 ам.долларт дөхлөө. Нүүрсний үнэ гуравдугаар сар гарснаас хойш тонн тутамдаа 300 юаниар нэмэгдсэн. Зэсийн үнэ сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрсэн ч цаашид нэмэгдэнэ, тонн нь 15.000 ам.долларт хүрэх магадлалтай гэсэн тооцооллыг шинжээчид хийж байна.
“Шинэ сэргэлт”-ийн бодлогоо цаг алдалгүй хэрэгжүүлж эхэлье. Энэхүү бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт учруулсан сөрөг нөлөөллийг арилгах, эрчим хүчний, аж үйлдвэржилтийн, хот-хөдөөгийн, ногоон хөгжлийн болон төрийн бүтээмжийн хүрээнд сэргэлт бий болгох хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг даван туулахад чиглэсэн.
“Шинэ сэргэлт”-ийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого хоёр дахин нэмэгдэнэ. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрч, боомтын хүчин чадал гурав дахин, эрчим хүчний эх үүсвэр хоёр дахин нэмэгдэх юм. Сүүлийн 12 жилд нь манай улсын төсөв, төлбөрийн урсгал тэнцэл хос алдагдалтай байснаар өр нэмэгдэж, валютын ханш өсч, төгрөг үнэгүйдэж, үнэ ханш буурах биш, өсөх дараалаар үргэлжилсээр ирэв. Эдийн засаг маань уул уурхайгаас хэт хараат болж, нийт экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, уламжлалт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт дөрвөн хувьд ч хүрэхгүй болжээ. Үүний уршгаар орлогын ялгаа нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна.
Улс орны хэмжээнд тулгамдсан, шийдлээ хүлээж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, оновчтой, хурдтай, зөв шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал боллоо.
Хоёрдугаар сарын сүүлчээр үндэсний хэмжээнд явуулсан судалгаанаас үзэхэд оролцогчдын 45 хувь нь өрхийн амьжиргаа өмнөхөөсөө дордож, орлого буурсан гэж хариулжээ.
Судалгаанд оролцогчид ойрын үеийн нэн тулгамдсан таван асуудлаар:
-хүнсний барааны үнийн өсөлт;
-шатахууны үнийн өсөлт;
-эрүүл мэндийн байгууллагын хүртээмж, үйлчилгээний чанар, Ковид-оос бусад өвчлөлд анхаарал хандуулах байдал;
-Улаанбаатар хотын замын түгжрэл;
-ядуурал, иргэдийн амьжиргааны доройтлыг нэрлэсэн байна.
Энэ удаагийн УИХ хүний эрхийг дээдэлсэн парламент байж, батлан гаргаж буй хуулиуддаа хүний эрхийг амин сүнс болгон суулгах, хөгжлийн монгол загвар бий болгож, эдийн засгийн Шинэ сэргэлтийн замд орох талаар дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайх болно.
Маргаан дагуулдаг нэг асуудал бол парламентын гишүүдийн тооны тухай яриа юм. Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая болсон байна. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж. Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөлийн чадамж суларсан байна. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсныг улс төрийн намуудын зөвлөгөөнөөр намуудын төлөөлөл онцолж байсан.
Мэдээллийн технологийн дэвшил дэлхийн улс орнуудын парламентад асар өргөн хүрээнд, маш хурдтай нэвтэрч байна. Бид үүнээс хоцрох ёсгүй. Тиймээс тодорхой алхмууд хийж байгаа. Хуралдааны ирцэд гишүүдийг бүртгэх, үг хэлэх, санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ ашигладаг болсноор “төгөлдөр хуурддаг” буруу үзэгдлийг бүрэн халж, үр дүнд нь хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага эрс сайжирсан. Цаашид нүүр таньдаг системийг суурилуулахаар ажиллаж байна. Хуулийн төсөл боловсруулах, санал авах lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn системийг нэвтрүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улсын Их Хурал үйл ажиллагаагаа нэг ч удаа тасалдуулалгүй явуулж, цахим хуралдааны томоохон туршлага хуримтлууллаа гэв.
best canadian mail order pharmacies
top rated canadian mail order pharmacies
mexican online pharmacy
top rated canadian online pharmacy