Монгол Улсын нийт хүн амын 49.1 хувь, нийт ажиллагсдын 52 хувь, бүх шатны боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдын 34 хувийг эрэгтэйчүүд  эзэлдэг байна. Төр засгаас эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв амьдралын хэвшлийг бий болгох зорилгоор соён гэгээрүүлэх ажлыг бүх түвшинд эрчимтэй өрнүүлэх шаардлагатай байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганы нээлтэд өнөөдөр оролцохдоо онцлов.

Эрэгтэйчүүдийн үнэлэмж, үнэт зүйлс, нийгмийн оролцоо, манлайллын талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, үүрэг хариуцлага, оролцоог нэмэх үүднээс УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн уг чуулганыг санаачлан зохион байгуулж буй юм.

Монгол Улсын хүн амын дундаж наслалт 70 нас болсон. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 1990 онд 5.8 жил байсан бол өнөөдрийн байдлаар 10 жил болж өөрчлөгдсөн байна. Үүнийг эрдэмтэн, судлаачид дүгнэхдээ монгол эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй, хорт зуршилд хэт их автсантай шууд холбоотой бөгөөд энэ нь архи, тамхи, осол гэмтэл, сэтгэл гутрал, гэр бүл салалт, ажилгүйдэл болон эмх цэгцгүй, хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болж байна гэж үзжээ. Эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд зүрх судасны өвчин, хавдар, гэмтэл, хордлого ба гадны шалтгаант эмгэг, амьсгалын замын болон хоол боловсруулах тогтолцооны өвчнүүд орж байгаа тул зөв амьдралын хэвшлийг бий болгох ажлыг өрнүүлэх шаардлагатай байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон юм.

Тэрбээр “Эр хүн хэр баргийн зовлонг даадаг, эр хүн өвддөггүй, эмэгтэй хүнээс долоон дор гэх зэрэг буруу үзэл, хэнэггүй байдал газар авснаас болоод эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эмнэлэгт эмчлүүлэх, эрүүл мэнддээ тавих анхаарал харьцангуй сул байна. Энэ бол туйлын хариуцлагагүй явдал бөгөөд эрчүүдийн амьдралын чанарт төдийгүй өрх гэр, улс үндэстний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж байна. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 97.4 хувь нь эрчүүд байгаа бөгөөд дийлэнх нь согтуугаар үйлджээ. Түүнчлэн жил ирэх тусам гэр бүл салалт нэмэгдэж, өрх толгойлсон иргэдийн 92.5 хувь нь эмэгтэй байгаа. Энэ нь эрчүүд үүрэг, хариуцлага, ёс зүйгээ хангалттай ухамсарлахгүй байгаатай холбоотой гэж судлаачид дүгнэжээ.

Нийгэмд гарч буй архидалт, донтолт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт зэрэг сөрөг үзэгдэл эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг унагааж байна. Цаашид бид ийм байдлаар үргэлжлүүлэн амьдарч хэрхэвч болохгүй. Бид байгаль дэлхийгээ хамгаалж, цөлжилттэй тэмцэхийн тулд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Ард түмэн маань ч үүнийг талархан дэмжиж байна.Тэгвэл өнөөдрөөс эхлээд улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлцгээе” гэлээ.

Жендерийн тэгш байдал нь зөвхөн эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудал биш. Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэгш боломжоор хангах асуудал юм. Монгол Улс эмэгтэйчүүдийг чадавхжуулахад ахиц дэвшил гаргаж байгаа бөгөөд одоо эрэгтэйчүүдэд тэгш боломж олгох талаар ярилцах цаг болсон гэдгийг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра дурдлаа.

Тэрбээр Монгол Улс эрэгтэйчүүдийн хөгжлийг дэмжихийн тулд дөрвөн зүйлд анхаарах шаардлагатай гэдгийг онцлов. Монгол Улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага байгаа нь архи, тамхины хэт их хэрэглээ, эрүүл бус хооллолттой холбоотой тул нэн тэргүүнд эрүүл мэндийн асуудалд анхаарах нь зөв гэлээ. Мөн эр хүн хүчирхэг, хатуужилтэй байх ёстой, бусдаас тусламж хүсэх нь тус сул доройгийн шинж зэрэг хэвшмэл ойлголт нь эрэгтэйчүүд шаардлагатай үед сэтгэл зүйн зөвлөгөө авах ад нь саад учруулж байгааг дурдлаа. Хоёрдугаарт, охид, хөвгүүд боловсрол эзэмших тэгш боломжоор хангахад Засгийн газар, оролцогч талуудад тэрбээр уриалсан юм.

Хөвгүүд аав ээждээ мал маллахад нь туслах үүднээс сургуулиа орхих тохиолдол хөдөө орон нутагт түгээмэл байна. Үүнээс үүдэн их, дээд сургуульд суралцагчдын 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж, дээд боловсролын салбарт тэнцвэргүй байдал бий болж байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс бүх нийтийн боловсролыг 6 настайгаас эхлэн олгож буй өнөөгийн практик, орон нутгийн сургуулийн боловсролын чанарыг эргэн харах нь зүйтэй гэдгийг Суурин төлөөлөгч дурдлаа.

Үр хүүхэддээ боловсрол олгохын тулд малчин гэр бүл тусдаа амьдарч, улмаар гэр бүл салалтыг ихээр нэмж байна гэлээ. Монгол Улсад эрэгтэйчүүд ажлын байрандаа гэмтэх магадлал асар өндөр байгаа бөгөөд 2020 онд үйлдвэрлэлийн ослоор нас барсан бүх хүн эрэгтэй байгаа аж. Тиймээс эрэгтэйчүүдэд эрдэм номд шамдахаас эхлээд амьдрах ур чадвар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн ур чадвар эзэмшихэд бага наснаас нь туслах хэрэгтэй гэдгийг мөн дурдлаа. Үүнээс гадна залуу ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнд төрөөс анхаарах хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын 26-38 насны залуус гадаадад олноор ажиллаж байгаа нь нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг бий болгож байна хэмээн Суурин төлөөлөгч Тапан Мишра үгийнхээ төгсгөлд онцлов.

Монгол Улсад жилд 17 мянган хүн нас бардаг бөгөөд үүний 60 гаруй хувь нь эрэгтэйчүүд гэсэн судалгааг ЭМЯ гаргажээ. Нас барсан эрэгтэйчүүдийн 52 хувь нь 15-60 нас буюу хөдөлмөрлөх, бүтээх насандаа байсныг УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн хэллээ.

Зүрх судасны өвчин, зам тээвэр, ажлын байрны осол, хорт хавдрын улмаас нас барж буй эрэгтэйчүүдийн цаана хүүхэд өнчирч, эмэгтэйчүүд бэлэвсэрч байна. Өөрөөр хэлбэл, эрчүүдийн асуудал нь цаанаа хүүхэд, эмэгтэйчүүд, улс орны асуудал болж хувирч байгааг тэрбээр дурдлаа. Түүнчлэн эрчүүдийн эрүүл мэндийг анхаарах, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, нийгмийн хариуцлагатай монгол эрчүүдийг бий болгох судалгааны арга зүйг боловсруулах, уул уурхай, барилга зэрэг хүнд хүчир ажлын байранд хөдөлмөр хөнгөвчлөх тоног төхөөрөмж нийлүүлж, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн дурдлаа.

Үндэсний чуулганы үргэлжилж байгаа бөгөөд чуулганы төгсгөлд зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагчдад хүргэх юм.