Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шинэчлэлт, цаашдын чиг хандлага” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр боллоо.

 Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд: 

Тэрээр “Монгол Улсын эдийн засгийн тэлэлт, хотжилт, газар хөдлөлтийн асуудалтай холбогдуулан норм, стандартын тогтолцоогоо дэлхийн улс орнуудын жишигт хэрхэн хүргэх талаар зөвлөлдөж байна. Юун түрүүнд зөвлөгөөний дараа одоо байгаа нормуудад үзлэг хийж алийг нь хүчингүй болгож шинэчлэх шаардлагатайг тодорхойлно. Хууль зүйн яамны хэм хэмжээг баримтлан давхардсан нормыг яах тухай шийднэ.

Стандартыг иргэдэд хүртээмжтэй байлгахын тулд цахим сан ажиллуулж байна. Барилгын хөгжлийн төвийн веб сайтаас тэдгээр нормын тухай уншиж танилцах боломжтой.

Судалгаанаас харахад иргэд орон сууц худалдаж авахдаа зөвхөн үнэ хардаг байсан бол одоо хийц, байршлыг нь хардаг болсон. Цонхных нь өмнө барилга баригдах вий гэдэг айдастай болсон. Иймд норм стандартын бичиг баримтуудыг мөрдүүлэх шаардлагатай. Мөн энэ гуравдугаар сард УИХ-д өргөн барих газрын багц хуульд барилга байгууламжийн тухай тусгасан” гэв.

Монгол Улсад баригдаж буй орон сууцны барилгууд чанарын шаардлага хангасан материал ашиглаж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавих боломжтойг асуухад “Импортын барилгын материалыг шинжлэх лаборатори боомтууд дээр байх хэрэгтэй. Ингэснээр чанаргүй барилгын материал орж ирэхээс зайлсхийнэ. Мөн дотоодод үйлдвэрлэж буй барилгын материалуудыг хянадаг лаборатори байх шаардлагатай” хэмээв.

Барилгын тухай хуулийг 2016 онд баталсан. Харин 2019 онд норм стандартыг боловсруулсан. Энэ үеэр гадаадын норм стандартыг бүртгүүлэн хэрэглэж болох тогтолцоог бий болгосон аж.

Б.Гүнболд “Газрын тосны үйлдвэр, байгалийн хий хоолой зэрэг нь Монголд байгаагүй том хэмжээний төсөл. Ийм төслүүд зөвхөн эдийн засаг бус эрх зүй, нийгэмд томоохон нөлөөтэй. Үүнд зориулсан ганц норм байхгүй. Тиймээс цогц олон норм боловсруулах хэрэгтэй. Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэрийн стандарт байхгүй. Тиймээс гаднын стандартыг орчуулж хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Монгол Улсад байгаагүй төслийг хэрэгжүүлэх үеэр стандартыг орчуулж боловсруулах ажлыг зэрэг хийдэг.

Манай ахмад үеийнхэн ихэвчлэн ОХУ-ын стандартуудыг хэрэгжүүлж нутагшуулж ирсэн. Харин одоо залуусыг сургаж мэргэшүүлэн зөвлөх инженерийн түвшинд хүргэж байж шинэ стандартыг бичих боловсруулах боломжтой болно. Иймд төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг мэргэжлийн холбоо, ТББ-ын зааж буй сургалтын агуулгыг сайжруулах шаардлага бий. Олон улсын хэмжээний сургалтын агуулгатай байж олон улсын хэмжээний стандарттай болно” гэв.

Монгол Улсад стандарт, дүрмийг мөрдүүлдэг болох шаардлага нэн тэргүүнд байгааг зай завсаргүй барьсан олон барилгаас харж болно. Стандарт мөрдүүлэх эрх зүйн зохицуулалт байгаа ч хувь хүнээс шалтгаалсан хэрэгжүүлэх шатны ажил хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.