ГХЯ-аас Украины нөхцөл байдал, иргэдийн асуудлаар мэдээлэл өгч байна. ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн, Консулын газрын захирал Б.Болд, Гадаад харилцаа, соёлын газрын захирал Д.Булган нар хэвлэлийн хуралд оролцов.

 

ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн: Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдав. Хурлын дараа Б.Батцэцэг сайд  дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Бид өнөөдрөөс эхлэн өдөр бүр 15:00 цагт хэвлэлийн хурал хийнэ. Учир нь  Украины цагаар өглөөний цаг таарч байгаа тул бид нөхцөл байдлын мэдээг шуурхай хүргэхээр 15:00 цагийг сонголоо.

Консулын газрын захирал Б.Болд:

-Харьков хотод 18 оюутан, байнга оршин суудаг дөрвөн монгол иргэн бий. Киев 12 оюутан, байнга оршин суудаг гурван иргэн байна. Мөн Кировоград хотод хоёр оршин суугч бий. Харьковын оюутнууд өнөөдөр хоргодох байрнаас гарч, оюутны байранд ирсэн гэх мэдээллийг бид авлаа. Учир нь Харьковт нөхцөл байдал харьцангуй хэвийн болжээ.

Киевийн оюутнууд байрандаа, иргэд өөр өөрийн гэрт байгаа юм байна. Тус улсад манай ЭСЯ байдаггүй. Бид оюутнуудаас мэдээлэл авч байна. Өнөөдөр 11:00 цагийн байдлаар манай дөрвөн иргэн Польш руу нэвтэрсэн. Учир нь Польш улс дайнаас зугтсан гаднын иргэдийг визгүйгээр нутаг руугаа нэвтрүүлж байна.  Польшид байгаа иргэдээ Монголд авчрах ажлыг бид зохион байгуулна. Иргэдийг татан авах ажилд зориулан 500 сая төгрөг зарцуулах Засгийн газрын шийдвэр гарсан.

Бид иргэдээ 26-27-ны өдрүүдэд Киев, Истамбул хотоос онгоцоор татан авахаар тийз захиалсан ч  нислэг цуцлагдсан тул газраар татан авахаар судалж байна. Киев хотын орох гарах замуудыг хаасан тул татан авах ажиллагааг нөхцөл байдал намжтал хойшлуулахаас аргагүй боллоо. Иймд Украин дахь Монголчууд, оюутнууд байгаа газартаа хоргодон нуугдах зөвлөмж хүргүүлэв. Өнөөдөр өглөө Украин дахь оюутнуудын ар гэрийнхэн ирж бидэнтэй уулзлаа. Тэд татан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах, хоол хүнсний хомстол үүсэх эрсдэлтэй тул энэ асуудалд анхаарахыг хүслээ.

Бид нэг сарын өмнө Украин дахь Монголчуудын мэдээллийг цуглуулан, оюутнуудтай цахимаар уулзсан юм. Энэ үеэр дайн үүсэж болзошгүй тул эх орондоо ирэхийг зөвлөн, тээврийн зардлыг төр даана гэдгийг мэдээлсэн. Тухайн үед бид дайн гарч болзошгүй гэж анхааруулсан юм. Түүнээс дайн гарах нь гарцаагүй гэж хэлэх боломж байгаагүй. Бидний өгсөн зөвлөмжийн дагуу олон оюутан Монголд ирсэн.

Одоо хэлний бэлтгэлд явж буй оюутнууд Монголдоо ирвэл ирэх жил нэгдүгээр дамжаанд элсэх боломжгүй тул ирж чадаагүй юм билээ. Мөн төгсөх ангийн оюутнууд дипломоо авч чадахгүйд хүрэх вий хэмээн болгоомжилж байгаа юм билээ. Бид тэдгээр оюутнуудад БШУЯ болон Варшав дахь ЭСЯ-аар дамжуулан хичээл сургуулийн асуудлыг шийдэх боломжтой гэж хариу илгээсэн.  Оюутнуудын дийлэнх нь Засгийн газрын  тэтгэлгээр сурдаг.

Украины агаарын хил хаалттай, олон улсын нислэгүүд зогссон. Бид тусгай үүрийн нислэг үйлдвэл бидэнд зөвшөөрөл хэрэгтэй.Оюутнууд, Монголчуудаа ОХУ-ын нутгаар дамжуулан авах хувилбарыг мөн судалж байна.

Оюутнууд мөнгөгүй болсон байх эрсдэлтэй тул тэдэн рүү шилжүүлэхээр судалж байна. Гэвч Харьков хотод банкууд ажиллахгүй байна. Хот дотроо байх нь хамгийн аюулгүй байгаа тул хотоос битгий гараарай гэж зөвлөе. ГХЯ-нд 24 цагийн Шуурхай штаб байгуулан ажиллаж байна. 7008-2222 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой. Бид онцгой байдлын үед ажиллах дүрмээ мөрдөн ажиллаж байна. Нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа нь хүндрэл учруулж байна.