Хүүхдийн мөнгө олгох журмыг дахин шинэчлэх боллоо. Шинэ журмын төсөлд эцэг эхчүүд сар бүр хүүхдийн мөнгө авах хүсэлт илгээх ёстой байв. Иргэдийн хамгийн өргөн ашигладаг и-баримт аппликэйшн болон и-монголиа системээр дамжуулан хүсэлт хүлээн авна.

Ухаалаг гар утасгүй, интернетгүй бол иргэд харьяа Хөдөлмөр халамжийн хэлтэс болон банканд хандах талаар ч журамд тусгасан. ХНХЯ-наас боловсруулсан шинэ журмыг иргэд шүүмжлэн, чирэгдэл учруулсан заалт нэмсэн гэсэн юм. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас иргэдийн саналыг харгалзан энэ сарын 20-ноос өмнө дахин журмаа шинэчлэх үүргийг ХНХ-ын сайд А.Ариунзаяад өглөө.

Учир нь хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд олгодог. Шинэ журмаар тухайн сарын 20-ноос өмнө хүсэлтээ илгээгээгүй өрхүүдийн хүүхдийн мөнгийг хүүхдийн хуримтлалын нэрийн данс руу шилжүүлэх талаар ч тусгажээ. Энэ нөхцөлд эцэг эхчүүд хүүхдийн мөнгөө одоо ашиглаж буй, арилжааны банкны дансандаа хүлээн авахгүй юм.