ХХААХҮ-ийн  сайд З.Мэндсайхан салбарын хэмжээнд энэ онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, төслийн талаар танилцуулав.

Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах төмс,  улаанбуудай хурааж авлаа 

Газар тариалангийн салбар энэ жил ургац арвин байна. Манай улс энэ намар 547.2 мянган тонн үр тариа хурааж авчээ. Үүний 460 гаруй мянган тонн нь хүнсний улаанбуудай байгаа аж.  Хаврын тариалалтад зориулсан зээлийг хугацаанд нь гаргасан, ургац хураалтад дэмжлэг үзүүлэх технологи болон сортынхоо 30 хувийг шинэчилсэн аж.  Хүнсний ногооны 99,1 хувийг хураасан бөгөөд  энэ нь 110 мянган тонн болжээ. Ингээд   дотоодын хэрэгцээнийхээ 60 хувийг хангах юм.  Манай улс өмнө нь дотоодын хэрэгцээнийхээ 47  хувийг хангадаг байсан юм.  Харин дотоодын хэрэгцээгээ бүрэн  хангах хэмжээний төмс  хурааж авсан байна.

Ирэх хавар хэрэглэх 15 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Махны худалдааг дэмжих зорилгоор  нөөцийн мах бэлтгэлд Засгийн газар 100 тэрбум төгрөгийн  хөнгөлөлттэй  зээлийн эх үүсвэрийг шийджээ. Ингээд нөөцийн мах бэлтгэх  17 аж ахуйн нэгжид  одоогоор 81 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгосон байна. Одоогоор арилжааны банканд 19 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн агуулахад 6.1 мянган тонн мах нөөцлөөд байна. Харин өвчлөл гарсан  бүс  нутгаас  мах бэлтгэхгүй. Энэ талаар салбарын сайд хэлэхдээ “Энэ жил 15 мянган тонн мах бэлтгэхээр зорьж байна” гэлээ.  Ингээд нийслэлийн  31 байршилд махны үзэсгэлэн худалдааг энэ сарын 20-ноос нэг сарын хугацаанд зохион байгуулна. Иймд нийслэлийн иргэд уг үзэсгэдэн худалдаанаас өвлийн идэш, цагаан идээгээ хямд үнээр авах боломжтой.

Дэргэдээ 20-30 мянган толгой мал аж ахуйтай махны үйлдвэр байгуулна

Засгийн газраас манай орны зүүн бүсийн Дорнод, баруун бүсийн Ховд мөн Булган, Архангай аймагт бүсчилсэн байдлаар махны үйлдвэр байгуулна. Эрчим хүчний нөөц, малын төвлөрөл, шилжилт хөдөлгөөн, тээвэр ложистик зэргийг харгалзан эдгээр аймгийг сонгожээ. Үйлдвэрүүдийг БНХАУ-ын тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар барих юм. Нийт 75 сая ам.долларын төсөвтэй. Үйлдвэрүүдийн ТЭЗҮ-ийг тухайн тендерт шалгарсан аж ахуйн нэгж хийж гүйцэтгэн салбарын яаманд хүлээлгэн өгсөн бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын талаас ажлын баг гарган гэрээний хэлцлийг энэ ондоо багтаан хийж дуусгахыг зорьж байна. Хэлцэл амжилттай болбол ирэх онд үйлдвэрүүд барьж эхлэн, 2024 он гэхэд жишиг үйлдвэрийг ашиглалтад оруулна. Үйлдвэрүүд жилийн дөрвөн улирал харгалзахгүйгээр, мах боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой явуулна. Дэргэдээ 20-30 мянган толгой малыг вакцинжуулж эрүүлжүүлэн, тусгаарласны дараа тэжээж мах бэлтгэлд оруулж тогтмол үйл ажиллагаа явуулна. Эдгээр  малыг тэжээх аж ахуйг ч дэргэд нь байгуулах юм.  Энэ мах бэлтгэх үйлдвэр нь  Засгийн газраас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэх чиглэлд боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүн бий болгохоор хөтөлбөрийн хүрээнд хийж буй томоохон ажлын нэг аж.