Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрсэн Өнөржаргалын Батцэцэг Азийн Хөл Бөмбөгийн Холбооны элит шүүгч боллоо. МХБХ-ны шүүгчээр 2016 оноос ажилласан Завхан нутгийн охин Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтад тэнцэж Монгол Улсаас АХБХ-нд данстай 5 дахь элит шүүгч болж байгаа юм. Тэрбээр Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч болсон гэдгээрээ онцлогтой.

МХБХ-ны шүүгчийн хэлтсээс шүүгчдэд бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулж АХБХ-ны элит зэрэглэлийн шүүгчдийн өндөр шалгуурыг давснаар Азийн эмэгтэй элит шүүгчдийн эгнээнд Монголоос Ө.Батцэцэг ийнхүү багтлаа. АХБХ-ны Элит туслах шүүгч болсон Ө.Батцэцэгдээ удахгүй олон улсын тэмцээн дээр ажиллах томилгоо авч, амжилттай шүүн явуулахыг МХБХ-ноос хүслээ.