Нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсан 21 тонн 110 кг буюу зургаан тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн түүхий нүүрсийг илрүүлжээ. Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт болон Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр НОБГ, НМХГ хамтран авто тээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын найм, баталгаат бус замын нэг цэгт 18 алба хаагч 24 цагаар хяналт тавин ажиллаж буй.
Түүхий нүүрс хэрэглэх, нууцаар худалдах зөрчил болон сайжруулсан түлш худалдах цэг орчимд хяналт тавих зорилгоор 681 чиглэлд 1444 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 428 хороо, 841 гудамж, 2170 айл өрх, 3844 иргэн, 900 тээврийн хэрэгслийг шалгалтад хамруулжээ.
Мөн Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Цахим орчны зүй бус хэрэглээ, цахим гэмт хэргийн ойлголт”, “Хүүхдийн эрх, аюулгүй байдал” сэдэвт сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 23, 72 дугаар сургуулийн 520 сурагчийг хамруулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл өмнөх долоо хоногийнхоос 6.5 хувиар буурчээ. Гэмт хэргийн төрлүүдээс хулгайн гэмт хэрэг 1.8 хувиар өсөж, бусад төрлийн хэрэг 4.3-46.2 хувиар буурсан талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээллээ.