УИХ-ын гишүүн С.Чинзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Экспортын бүтээгдэхүүн тээвэрлэх төмөр замын царгийг өөрчлөх тухай асуудал сүүлийн үед яригдах боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?  

-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаан, Байнгын хороо, бүлгийн хурлаар хаалттай хэлэлцэж байна. Ийм учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Харин төмөр замын царигтай холбоотой асуудал яриагүй. Манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа төмөр зам өргөн царигтай байна гээд УИХ-аар аль эрт шийдсэн шүү дээ. Ийм учраас царгийн асуудал яриагүй.

-Тэгвэл ямар өөрчлөлт оруулах ярьж байгаа юм бэ?

-Шинээр хоёр чиглэлд төмөр зам тавихаар хэлэлцсэн. Тухайлбал, Шивээхүрэнгийн боомтоос баруун тийш нь Арцат суурь гэсэн чиглэлд төмөр зам барих асуудал ярьж байгаа. Мөн Зүүнбаянгаас Ханги чиглэлд төмөр зам барих асуудал бий.

-Энэ шинэ төмөр замын эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн тооцож байна вэ?

-Монгол Улс далайд гарцгүй. Ийм учраас төмөр замын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал. Хоёр хөрштэйгээ аль болох төмөр замаар холбогдох гарцаа өргөтгөх ёстой гэж харж байгаа.  Үүний үр дүнд экспортын бүтээгдэхүүнийхээ тээврийн өртөг, зардал буурна. Энэ жил хил гааль хаалттай байсан учраас өнөөгийн байдлаар 12 сая тонн нүүрс машинаар тээвэрлэж экспортод гаргаад байна. Оны эцэст 17-18 сая тоннд хүрэх төлөв бий. Харин ирэх онд нүүрсний экспортоо нэмэгдүүлж 36 сая тонн нүүрс экспортолно гэж Засгийн газар үзэж байгаа. Экспортоо нэмэгдүүлэхийн тулд төмөр замын гарцаа өргөтгөх ёстой гэж ярилцаж байгаа юм.

-Шинээр тавихаар ярьж байгаа хоёр чиглэлийн төмөр замын хөрөнгө оруулалтыг яаж шийдэх юм бол?

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн журмын дагуу концессийн гэрээгээр шийдвэрлэнэ.  Тэгэхдээ барих шилжүүлэх концесс биш. Ашиглах шилжүүлэх гэсэн концесс байх юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг  2017 онд  огцруулсан гол үндэслэл нь  барих шилжүүлэх концессийн гэрээний асуудал байсан шүү дээ. Ингээд УИХ-аас барих шилжүүлэх концессийн гэрээ хийхийг хориглосон. Зөвхөн ашиглах, шилжүүлэх концессийн гэрээ хийдэг болсон юм.

-Үндсэн хуульд дахиад  нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг МАН ярьж байгаа гэсэн. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульд дахиад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ, намын бүлгийн төвшинд одоогоор яриагүй. Гадуур ийм мэдээлэл гараад байна. Үүнийг хувь хүмүүс яриад байгаа байх. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад 2020 оны тавдугаар сараас эхлэн дагаж мөрдөж байгаа шүү дээ.  Үүнээс хойш бүтэн жил ч болоогүй. Ийм учраас Үндсэн хуульд дахиад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай ярих асуудал гарахгүй болов уу гэж бодож байна.

-Танай намын генсек ийм байр суурь илэрхийлсэн шүү дээ?

-Би генсекийн байр суурийг олж үзээгүй  байна.