УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.08/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас нүүрс тээврийн салбарын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлын талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.

Асуулгын хариуг ЗТХ-ийн сайд Л.Халтар чуулганд танилцуулсан юм. Цар тахлаас сэргийлэх үүднээс энэ оны гуравдугаар сараас ЗТХЯ, ГХЯ, ЗТХЯ-наас энэ оны гуравдугаар сарын 18-наас Цагаан хадны суурьшлийн бүсийн иргэд, экспортын жолооч нарыг дархлаажуулсан гэдгийг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцлов.

Өнөөдрийн байдлаар Тавантолгойгоос Гашуун сухайт рүү нүүрс тээвэрлэдэг Монгол Улсад бүртгэлтэй 244 аж ахуйн нэгж, 16715 жолооч байгаа аж. БНХАУ-аас Ганмод боомтын нэвтрүүлэх хүчин чадалд тохируулсан “С” зөвшөөрлийн бичгийг 6000-аас доош тээврийн хэрэгсэлд олгох шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотойгоор нүүрс тээврийн компаниудын шинээр худалдаж авсан тээврийн хэрэглүүдийг Ганцмод боомтод бүртгүүлэх ажил удаашралтай байгааг Л.Халтар сайд мөн онцолсон юм. Түүнчлэн “Эрүүл мэндээ хамгаалж, эрүүл мэндээ сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр”-ийн хүрээнд нүүрс тээврийн хоёр аж ахуйн нэгж 766 сая төгрөгийг гурван хувийн хүүтэй зээл авсан байгааг дурдлаа.

Нүүрс тээврийн салбарт үүсэж буй хүндрэлийг шийдвэрлэх хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Тээвэрчдийн хотхон цогцолбор, Ханбогд суманд “Тайван зогсоол” үйлчилгээний байгууламж барьж, эхний хэсгийг ашиглалтад оруулжээ. Мөн Тавантолгой-Гашуун сухайтын автозамын дагуу 15-25 км тутамд түр зогсох цэг, хогийн цэг, засварын цэг байгуулж дууссан байна. Тал нутгийн зам компани Тавантолгой-Гашуунсухайтын хатуу хучилттай автозамыг концессын гэрээний дагуу тавьж буй бөгөөд одоогоор 38 хувийн гүйцэтгэлтэй байгааг ЗТХ-ийн сайд онцоллоо.

Тэрбээр, “Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын инженерийн нарийвчилсан зургийг баталж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж, төслтийг эхлүүлсэн. Одоогоор бүтээн байгуулалт 69.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг төмөр замыг хилийн боомт хүртэл өргөн царигаар тавихаар УИХ шийдвэрлэсэн. Хил дээр хоёр талын төмөр замыг холбох талаар БНХАУ-тай хэлэлцээ хийж байгаа” гэв.