БНХАУ авлигын хэргийн 1982 оноос эрүүгийн гэмт хэрэг хэмээн зарлаж, үүнээс хойш хатуу шийтгэдэг болсон гэнэ. Хятадын өнөөгийн удирдагч Си Зиньпин “Бар, ялааг агная” гэсэн уриа дэвшүүлэн авлигын эсрэг ширүүн дайн зарласан. Авлигын эсрэг энэ тэмцлийн хүрээнд хятадын бүхий л түвшинд авлигчдыг илрүүлэн хатуу шийтгэж байгаа юм.

Хятадад хахууль авсан болон, улсын хөрөнгө мөнгийг идэж завшсан авлигын хэргийг тун хатуу шийтгэдэг. Хамгийн хөнгөн нь 1-7 жилийн хорих ял бол хамгийн хүнд нь бүхий л өмч хөрөнгийг нь  хурааж бүх насаар нь хорих, мөн цаазаар авах ял өгдөг.

Энэ нь улсын өмчөөс завшсан болон, авсан авлигын хэмжээнээс  хамааралтай. Жишээ нь 100 мянган юанийн авлига авсан бол хөдөлмөрийн лагерьт 10 жил хоригдож хөдөлмөр эрхэлнэ. Авсан авлига нь энэ хэмжээнээс даваад ирэхээр түүнээс дээш жил хорих буюу өмч хөрөнгийг нь хурааж бүх насаар нь хорих жишээний. Харин авлигын хэмжээ гурван сая юаниас давбал цаазаар авах ял.

БНХАУ-ын Эрүүгийн хуульд цаазаар авах ял өгдөг 45 зүйл анги байдгийн нэг нь  их хэмжээний авлига авах. Цаазаар авах ялыг гүйцэтгэж байгаа зарим хэсгийг телевизээр харуулна. Ихэвчлэн бууддаг байсан бол одоо үхлийн тариа хийдэг болсон.

Си Зиньпин дарга төрийн эрхэнд гарснаас хойш авлигын гэмт хэргийн төлөө 1.5 сая хүнийг шийтгэсний дотор  10000 гаруй хүнийг цаазалсан гэдэг. Энд Люйлян хотын орлогч дарга Жан Жуншин, Бээжин хотын дарга асан Лю Жихуа, Чунцин хотын цагдаагийн газрын дэд дарга Вэнь Цян нарыг авлигын хэргийн төлөө цаазаар авсан юм.

Тянжин хотын Нийтийн аюулгүй байдлын удирдах газрын дарга, Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга У Чаншунийг бол 2017 онд бүх өмч хөрөнгийг нь хураагаад цаазаар аваачсан. Тэрбээр улсын өмчөөс 50 сая ам.долларын хөрөнгө завшсаны зэрэгцээ, 2,3 сая ам.долларын авлига авсан нь шүүхээр тогтоогдсон гэдэг.

Авлигатай тэмцэж байгаа Хятадын бас нэг туршлага нь улсын хөрөнгө мөнгө завшаад гадаадад оргон гарсан авлигачдаа эргүүлэн авчирч байгаа явдал. Энэ ажиллагааны хүрээнд дэлхийн 70 гаруй улс орноос 2000 орчим авлигачдыг  эргүүлэн авчирч тэднээс 1,2 тэрбум ам.долларыг хураан улсын орлого болгосон тухай өмнө нь мэдээлж байсан юм.