АН-аас өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт таван зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Тодруулбал, шатахууны хомсдолтой үед хувийн хэвшил өөрсдөө чөлөөт үнийн зохицуулалт хийх боломжийг бүрдүүлэх, хөрш орнуудтай үр дүнтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлж чадахгүй байгаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, хилийн боомтуудыг хэвийн ажиллуулж чадахгүй байгаа гаалийн болон ашигт малтмалын газрын удирдлагуудад хариуцлага тооцохыг шаардсан юм. Эдгээр шаардлагад хариу өгөөгүй байгаа тул өнөөдрийн цуглаанаар уг шаардлагын хариуг нэхэж байгааг НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат онцолсон юм.

Мөн цуглаанд оролцож буй АН-ын удирдлагууд, “Дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг ДНБ-ийхээ 17 хувийг зарцуулж байхад Монгол Улсад энэ үзүүлэлт 60 хувьтай тэнцэж байна. Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд 20 их наяд төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Мөн цар тахлын үеийн нэг удаагийн хуулиар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоодог, цагийг хязгаарлах зэргээр иргэд, бизнес эрхлэгчдийн эрхийг боомилж байна. Тиймээс энэ хуулийг хүчингүй болгох хэрэгтэй” хэмээж байв.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч Б.Жагар ирж уг цуглааныг нөхөн сонгууль угтсан улс төрийн үйл ажиллагаа хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Мөн тэрбээр АН нөхөн сонгуулийн өмнө, УИХ-ын чуулганы нээлтийн үед улс төржих бус бүх цаг үед сөрөг хүчний үүргээ гүйцэтгэдэг байх ёстой хэмээсэн юм.

Мөн үеэр Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар АН-ын зохион байгуулж буй цуглааныг дэмжиж буйгаа илэрхийллээ. Түүний хувьд УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуульд нэр дэвшиж буй бөгөөд сонгуулийг шударга зохион байгуулахыг уриалан суулт зарлаад буй юм.