УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт  явуулах нөхөн  сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчээ энэ долоо хоногт тодруулж дуусна. Тэгвэлэдгээр тойрогт явуулах нөхөн сонгуульд  нийт  есөн нам, нэг эвсэл оролцохоор бүртгүүлсэн.

Одоогоор эрх баригч МАН нэр дэвшигчээ тодруулах бага хурлын товоо зарлаагүй байна. Гэхдээ өмгөөлөгч Л.Батжав Хэнтий аймагт УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт  нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ   өгөөд эхэлсэн сураг бий. Бас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог бол хотын мэр Д.Сумъяабазарынх. Энд түүний гарын хүн гэгдэх нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг Даргын Хөгжлийн Бодлого Хариуцсан Нэгдүгээр Орлогч Ж.Сандагсүрэн нэр дэвшиж магадгүй гэсэн  яриа гараад байгаа билээ. Үүнээс гадна МАХН-аас МАН-тай нэгдсэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвших тохироо хийсэн гэх асуудал бий.  Гэхдээ улс төрийн хүчнүүд нөхөн сонгуульд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авдаг ч намын бодлогоор  тодрох нь дамжиггүй.

Сонгуулийн ерөнхий хороо  М.Тулгат даргатай АН-д нөхөн сонгуульд оролцох эрхийг олгоод буй юм. Үүнд О.Цогтгэрэл даргатай УИХ дахь АН-ын бүлэг түдгэлзсэн хандлагатай байгаа. Тиймээс ч УИХ дахь бүлэгтэйгээ ойлголцолд хүрэх, бусад улс төрийн намуудтай нэгдэх хүсэлтийг хүргүүлээд байгаа АН одоогоор  дорвитой үр дүнд хүрээгүй л байна.

Бусад улс төрийн хүчин, эвслийн тухай нөхөн сонгуульд оролцох батламжаа авснаас хойш нам жим байна. Гэвч УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах  хуулийн хугацаа есдүгээр сарын нэгнээс өмнө байх ёстой.

Харин бие даан нэр дэвшигчид 801 хүний гарын үсэг цугуулснаар нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй болно.  Сонгуулийн ерөнхий хороо есдүгээр сарын 6-ны дотор  нам,  эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах учиртай.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай  хуулиар бие даан нэр дэвшигчдэд дараах шаардлага тавигдаж байгаа.

 

  • Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.
  • Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.

 

  • Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар
  • Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаар Улсын дээд шүүхийн лавлагаа
  • Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, аль нэг компанийн 51 түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт.
  • Нэр дэвшигчийн намтар
  • Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Бие даан нэр дэвшигчийг төлөөлж Сонгуулийн ерөнхий хороотой харилцах хоёр хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, харилцах утасны дугаар
  • Үндэсний аудитын газраар хянуулсан сонгуулийн мөрийн хөтөлбөр
  • Мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлт
  • Ял эдэлж байгаа эсэх талаарх Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.
  • Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-ын цахим системд мэдүүлсэн Баталгааны хуудас.

Нам, эвслээс нэр дэвших өрсөлдөх боломжгүй нэр бүхий горилогчид бие даан нэр дэвших магадлалтай гэж улс төр судлаачид, ажиглагчид үзэж байгаа юм. Тухайлбал, экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын сонгуулийн  28 дугаар тойрогт бие даан нэр дэвшинэ гэсэн бор шувуу өнгөрсөн долоо хоногт ниссэн.  Учир нь өнөөдрийг хүртэл экс Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй байна.

 

Хэрвээ М.Тулгатын АН-тай тохироонд хүрч чадвал нэр дэвших ажиллагаа явагдах энэ өдрүүдэд намын гишүүнчлэлээ сэргээн батлахаа гардан авах хугацаа түүнд бий. Тиймээс л экс Ерөнхийлөгч Х.Баттулга намын гишүүнчлэлээ сэргээх үү, бие даан нэр дэвших үү гэсэн таамаглал ажиглагчдын анхаарлыг татаад байгаа юм. Мөн АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт УИХ-ын сонгуулийн  18 дугаар тойрогт нэр дэвших бодолтой байгаагаа илэрхийлээд амжсан.

Эрх баригч МАН-д бас УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахад асуудал бий. Тухайлбал,  экс Ерөнхийлөгч   Н.Энхбаяр МАН-даа эргэн нэгдэж шийдвэр гаргахад нөлөөлөх хэмжээний хүчтэй болсон. Тэрбээр  хүү Э.Батшугарыгаа нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшүүлэх сонирхолтой байгаа гэдэг. Хэрэв Э.Батшугарыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн суудал ганхаж магадгүй хэмээн ажиглагчид үзэж буй юм. Өөрөөр хэлбэл экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын улс төрийн нүүдэл МАН-ын дарга, Засгийн газрыг огцруулах хэмжээний нөлөөтэй гэнэ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн  тангаргаа өргөснөөр намын батлахаа өгсөн. Харин МАН-ын шинэ дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багаа бүрдүүлж, намдаа бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй, эмзэг дэлбээ хэвээр  байгаа гэдэг. Ийм эгзэгтэй УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгууль болох гэж байна. Энэ бүгдээс харвал эрх баригч МАН, сөрөг хүчин АН ч дотоод асуудалтай  нөхөн сонгуульдах нь. Бусад улс төрийн хүчний хувьд ХҮН-ыг сонгуульд арай дөнгүүр оролцож магад гэсэн яриа бий. Гэвч энэ нам өөрсдийгөө Монголын улс төрийн гуравдагч хүчин гэж дөвийлгөдөг ч УИХ-ын сонгуульд төдийлөн жин дарахгүй хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Иймд нөхөн сонгуулийн гол тулаанд дотоод асуудалтай ч гэлээ МАН, АН байх гэнэ. Гэхдээ  энэ хоёр намын дотоод зөрчил, үл ойлголцол дундаас бие даан нэр дэвшигчид хүч түрэн гарч ирж магадгүй дүр зураг бий аж.