Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудлаас “МИАТ” ХК-ийн “Зүчи хаан” агаарын хөлөг Япон улсын нийслэл Токио хот руу анхны нислэгээ үйлдэв.

Энэхүү шинэ ОУНОБ үйл ажиллагаагаа эхлүүлж анхны нислэгийг үйлдэх ёслолд Монгол Улсын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож баяр хүргэж үг хэллээ.

Тэрбээр “Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтын нэг, Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааны бэлгэдэл, бэлгэ тэмдэг болсон, далайд гарцгүй манай улсыг дэлхий ертөнцтэй холбох Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орж, эхний нислэгээ үйлдэх үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна.

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Энэ нисэх буудал бол манай улсын үүд хаалга юм. Одоогоос гурван жилийн өмнө Ерөнхий сайд байхдаа Япон Улсад айлчлахад шинэ нисэх онгоцны буудлыг байгуулах ажлыг онцлон ярилцсан. Өнгөрсөн жил бид нисэх онгоцны буудлаа хүлээн авсан. Цар тахлын улмаас ажлууд хойшлогдсон ч өнөөдөр нээлтээ хийж байна.

Жилдээ гурван сая хүн хүлээж авах боломжтой нисэх буудал Монголын нийгэм, эдийн засаг, аялал жуулчлал хөгжихөд ашиг тусаа өгнө гэж найдаж байна. УИХ-аар баталсан “Шинэ Зуун мод” хот бий болж, нисэх онгоцны буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ” хэмээв.

Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон ОУНОБ-ыг барьж байгуулах төслийг хэрэгжүүлсэн Япон улсыг төлөөлөн Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй хоёр улсын албаны хүмүүс болон МИАТ ХК-ийн удирдлага, хамт олон тус ёслолд оролцлоо. Энэ өдөр Улаанбаатар-Токио хот руу анхны ОМ501 нислэгээ хийсэн бөгөөд мөн өнөөдөр Улаанбаатар-Гуанжоу, Улаанбаатар-Москва гэсэн чиглэлд нислэг үйлдэж байгаа юм байна.