Улсын Их Хурал Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг  батлав.  Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн манай улсын 1.1 сая ажиллагсад, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах хуулийг ийнхүү баталж байна. Энэ хуулиар Хөдөлмөр эрхлэлтийн гуравласан харилцаа, цагаар ажиллах, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил үүргээ гүйцэтгэх, туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүд зохицуулагдах юм. Түүнчлэн ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн харилцаа дахь эрх, үүргийг тэнцвэржүүлэх, хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг боловсронгуй болгох, цалин хөлсийг гүйцэтгэл, бүтээж, ур чадвартай нь уялдуулах, нарийн мэргэжлийн дагалдангаар ажиллах, суралцах зэрэг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгаснаар үндэсний ажиллах хүчний өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд энэ хууль чухал ач холбогдолтой хууль болжээ. Хуулийн хэрэгжилтэд  УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хяналт тавин ажиллах үүрэг хүлээв.  Ийнхүү гурван парламент дамжсан хууль батлагдав. Энэ хуулийг 2022 оны  нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөнө.