Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн Электорат” эвслээс Д.Энхбат нэр дэвшиж, өрсөлдөж буй. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2021.06.09/ 07:00 цагаас улс орон даяар албан ёсоор эхлэв. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цагт дуусна.  Санал тоолох төхөөрөмжөөр  нийт 2087 хэсгийн хороодын саналын дүнг гаргана. Мөн бүх хэсгийн хороодод  хяналтын тооллогыг гараар хийж баталгаажуулна. Иймд иргэдийн сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх, сонгуульд оролцох боломжоор хангаж, өнөөдөр бүх нийтээр амарч байгаа бөгөөд дараах үйл ажиллагааг хориглохоор хуульд заажээ.

  • Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах
  • Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах
  • Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглоно.

Монгол Улс 1993 оноос хойш  Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж  таван  Ерөнхийлөгч сонгогдож байжээ. Тэгэхдээ нэг хүн Ерөнхийлөгчид хоёр удаа дөрвөн жилээр сонгогдох эрхтэй байв. Ингээд  Н.Баганбанди, Ц.Элбэгдорж нар улиран сонгогдсон байдаг.  Харин  энэ удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр  Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгох анхны сонгууль болж байна.  Энэ сонгуулиар Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодорно.

Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нар:

  • 1993 он-П.Очирбат /МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшив/57,8 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 1997 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/ 60,81 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 2001 он-Н.Багабанди /МАХН-аас нэр дэвшив/58,13 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
  • 2005-Н.Энхбаяр /МАХН-аас дэвшив/ 53,44 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 2009 он-Ц.Элбэгдорж /АН-аас нэр дэвшив/ 51,21 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
  • 2013 он-Ц.Элбэгдорж  50,23 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байв.
  • 2017 он-Х.Баттулга /АН-аас нэр дэвшив/50,61 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд 26 тэрбум төгрөг зарцуулж байна

УИХ-аас  Төрийн сонгуулиудын зардлыг баталж, тогтоодог. Сонгуулийн зардал инфляцын түвшинтэй уялдаж сонгууль бүрээр нэмэгдэж буй юм. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуульд хэдэн төгрөг зарцуулж ирсэнийг дор өгүүлье.

  • 1993-40 сая төгрөг
  •  1997-150 сая төгрөг
  • 2001-462.5 сая төгрөг
  •  2005-636.2 сая төгрөг
  •  2009-4 тэрбум төгрөг
  •  2013-15.8 тэрбум төгрөг
  •  2017-14.9 тэрбум төгрөг
  • 2021-26 тэрбум төгрөг

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 151 329 сонгогч бүртгэлтэй байгааг мэдээлсэн. Үүнээс “Түр хасав” тэмдэглэгээтэй 110 773 сонгогч байна.  Энэ   тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаарна.