Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөө Казахстаны Елдос Жумакановтой барилдах ч тэр бэртлийн улмаас дэвжээнд гаргаагүй тул манай бөх багтаа ДАШТ-ий хоёр  дахь хүрэл медалийг авчирсан юм.

Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Японы бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Францын бөхийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон байна.

Эмэгтэй -52 кг

А хэсэгт багтсан Б.Хорлоодой эхний тойрогтоо Гаити улсын тамирчин Сабиана Анесторыг ялсан боловч хоёрдугаар тойрогтоо Португалийн Хоана Рамост ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.

С хэсэгт багтсан Л.Сосорбарам эхний тойрогтоо Мозамбик улсын тамирчин Жакира Феррайраг, хоёрдугаар тойрогтоо Гүржийн Мариам Жанашвилиг, гуравдугаар тойрогтоо Казахстаны Нурсулу Ералиеваг тус тус ялж, хэсгийн аваргын төлөө Испанийн Ана Перез Бокстой барилдаж, ялагдал хүлээсэн юм. Дагах барилдаан хийх эрхтэй болсон Л.Сосорбарам Израилийн Гефен Примотой барилдсан ч ялагдал хүлээн шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлэв.

Хоёр өдрийн дараах байдлаар Монгол Улсаас МУГТ М.Уранцэцэг, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртээд байна. Одоогоор Монгол Улс хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр зургадугаар байранд жагсч байна.