Өнөөдөр олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Хүүхдийн баярын өдөр” тохиож байна. Одоогоос 70 гаруй жилийн өмнө Парис хотноо 1949 оны 11 дүгээр сард хуралдсан Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос улс орнуудыг энэ өдрийг тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн түүхтэй.

Үндэсний төв архивд хадгалагдаж буй баримтыг судлахад Монгол Улсад 1950-1951 онуудад тус өдрийг хэрхэн тэмдэглэсэн талаар мэдээлэл хомс байна. Тухайн үеийн төрийн төв хэвлэл “Үнэн” сонины эхний нүүрэнд тэргүүн өгүүлэл, 2-3 дугаар нүүрт манай орны болон ЗХУ-ын хүүхдүүдийн аж амьдрал, сургууль боловсролын талаар өгүүлэл нийтлэгдсэн талаар Архивын ерөнхий газраас мэдээлэв.

Харин 1952 оноос 6 дугаар сарын 1-ны өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон өргөн хүрээнд тэмдэглэж, хүүхэд багачуудад зориулсан олон үйл ажилагааг улс орон, байгууллагуудын хэмжээнд зохион байгуулж ирсэн байна.

1959 онд 11 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан бөгөөд уг тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасан байна.

Уг заалтыг НҮБ анхааралдаа авч Хүүхдийн эрхийн тухай конвенцыг 1989 оны 11 дүээр сарын 20-нд Ерөнхий ассамблейн чуулганаар баталжээ. Түүнд дэлхийн хамгийн олон буюу 191 орон нэгдэн орсны дотор Монгол Улс 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орсон байна.

Энэ конвенцын үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг Монгол Улсын их хурлаас 1996 оны 5 дугаар сарын 8-нд батлан гаргажээ.

Манай оронд 1952 оноос түүхтэй 6 дугаар сарын 1-ний “Хүүхдийн баярыг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон бөгөөд иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн байна.

Харин  зургадугаар сарын 1-нийг бүх нийтийн амралтын өдөр болгосон тухайд: 1990 оны ардчилсан хувьсгалын дараа 1991 онын 1 дүгээр сарын 24-нд Улсын Бага Хурлаас баталсан “Хөдөлмөрийн хууль”-ийн “Нийтээр амрах баярын өдөр” гэсэн 32 дугаар зүйлийн 3-т “Эх үрсийн өдөр зургадугаар сарын 1” гэж анх хуульчлан тогтоосон байна. Гэвч үүнийг цуцалж эргээд Хүүхдийн баяр тэмдэгдэх болж бүх нийтээр амардаг өдөр болгожээ.