УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2021.05.13/ Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хуулийн төслийг танилцуулав. Тус танилцуулгад дурдсанаар “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн баталсан хуулиар ажил олгогч даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын хэмжээг долоо хувь байсныг 9.5 хувь болгон баталсан.

Ажил олгогч болон даатгуулагчдад санхүүгийн шууд дарамт үүсгэхгүйн тулд нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулсан.

2021 онд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь цар тахлын үед ААН, иргэний орлогод хүндээр нөлөөлсөн. Тиймээс төрөөс нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ажил олгогч, даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээс зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөнгөрүүлсэн хэлбэрээр буюу 8.5 хувийн зохицуулалтаар хууль хэрэгжиж байна. Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хувиар бууруулах санал оруулж байна.

Ниймийн даатгалын тухай хуулийн 15.1-т зааснаар тэтгэврийн даатгалын хэмжээг 9.5 гэснийг 8.5 буюу ажил олгогч даатгуулагч тус бүрээр 1 хувиар бууруулах хуулийн төсөл батлагдсанаар даатгуулагчдын орлого дунджаар 10 хувиар өсч, ААН-д очих эдийн засгийн дарамт багасч ажлын байраа хадгална.

Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар 2021 оны нийгмийн даатгалын сангийн орлого 189.3 тэрбум төгрөгөөр буурч, улсын төсвөөс Тэтгэврийн даатгалын санд олгох санхүүгийн дэмжлэг мөн хэмжээгээр нэмэгдэнэ. Тиймээс шаардлагатай эх үүсвэрийг 2021 онд багтаан зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт аван, үг хэлэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Татвар шимтгэл бууруулах бүх төрлийн хуулийн төслийг дэмжинэ. Цар тахлын үед татвар, шимтгэлийг нэмээд, үр ашиггүй байна. Татвар нэмээд үр ашиг гарч байгаа бол өөр хэрэг. Шимтгэл нэмэхийн оронд тогтолцооны гажгаа засах хэрэгтэй. Нийгмийн даатгалын шинэчлэлийг эхлүүлэх хэрэгтэй. Түүнээс биш өнөөдөр сууж байгаад хоёр хувь, маргааш гурван хувь гээд нэмж болохгүй. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл таван хувиар нэмэгдсэн. Энэ нь иргэдийн орлогыг 10 хувь бууруулсан. Нөгөөтэйгүүр Монгол Улс асар их байгалийн баялагтай. Өнөөдөр зэсийн үнэ дэлхийд өмнө байгаагүйгээр өсч байна. Ийм үед хэдэн ядарсан ард иргэдийнхээ нуруунд ачаа үүрүүлэхээ болих хэрэгтэй. Татвар нэмэх хоббитой хүмүүс МАН-д цугларчихсан юм уу. Үүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахаар төсөвт ямар нэгэн дарамт үүсэх үү? Энийг хэрхэн шийдэх вэ. Ер нь цар тахалтай үед шимтгэл нэмэх нь туйлын буруу. Татвар нэмэгдсэн орнууд үр ашигтай зарцуулдаг учраас иргэд нь дургүйцдэггүй. Харин өнөөдөр Монгол Улсад татвар нь багадаа биш маш үр ашиггүй зарцуулагдаж байгаад иргэд дургүйцэж байгаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиар нэмэгдсэн байсныг хоёр хувиар бууруулах хуулийн төсөл санаачилсан. 2020 оны 4-10 сар хүртэл Засгийн газраас ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан хувиас чөлөөлж өгсөн. 2020 оны 10-3 сар хүртэл таван хувь болгож хөнгөлж өгсөн. 2021 оны 1-7 сар хүртэл 8.5 хувь болгож хөнгөлж чөлөөлж өгсөн. Үүний үр дүнд 38 мянган ААН, 572 даатгуулагч хамрагдаж, нийтдээ 715 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг Засгийн газраас үзүүлсэн. Төсөвт долдугаар сарын 1-нээс хөнгөлбөл 94 тэрбумын нэмэгдэл, нэгдүгээр сарын 1-нээс гэвэл үндсэндээ 140 тэрбумын нэмэлт санхүүгийн эх үүсвэр шаардагдаж байна. Үүнийг төсвийн тодотгол юм уу, 2022 оны төсөв батлахад суулгаж өгөх бүрэн боломжтой.