МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2021.04.29/ цахимаар боллоо. Хоёр намын  хамтарсан ажлын хэсгээс боловсруулсан 6 бүлэг, 33 зүйл бүхий гэрээг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд  зохион байгуулав. Уг хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх,  Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга,  нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн  МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нараас  гадна хоёр намын 300 мянган гишүүд дэмжчигдийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсад парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Хүн биш хууль засагладаг” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх, гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн МАН, МАХН нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилтыг дэвшүүлж, хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажилласан билээ. Тус ажлын хэсгээс Монгол Улсын  хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан  10 зорилт бүхий  хамтарсан уриалгыг 2021 оны 3 сарын 17-ны өдөр гарган нийт намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэн 90 гаруй хувийн дэмжлэгийг авсан юм. Ийнхүү хамтарсан ажлын хэсгээс намуудын нэгдэн нийлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль, намын дүрмийн дагуу зохион байгуулах “МОНГОЛ АРДЫН НАМ, МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ НЭГДЭН НИЙЛЭХ ГЭРЭЭ”-г боловсруулан 2021 оны 04 сарын 29-ний өдөр 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд цахим уулзалтыг зохион байгуулан уг гэрээг ёсчлон баталлаа.