Машин тэрэг цөөхөн, сум орон нутгийн хооронд хүн зон бага зорчиж хөлхдөг 30, 40 жилийн тэртээд аймгаас шуудан ирнэ гэдэг хөдөө суманд бас л ихээхэн сонин үйл явдал болдог байлаа даа..
Бүүр дээхэн үеийг нь ямар мэдэх биш дээ, 60-аад онд бол Зөвлөлтийн Горькийн авто заводын Газ-51 машин явах. Аймгийн төвөөс бол Тээврийн товчооны тэндээс хөдөлнө. Ихэнх сумын шуудан долоо хоногийн Мягмар, Баасан гарагт явдаг, тэгээд ч “хоёрдохын шуудан” гээд нэрийдчихсэн….
Тээврийн товчоо гээд манай аймгийн төв замын хамгийн зүүн үзүүрт ганц дан жижиг байшин байх. Тэнд нь диспетчирүүд ийш тийш явж байгаа жолооч нараа л бүртгэж зам явахыг нь бөглөхөөс биш зорчигчдын тасалбар энэ тэр бичнэ гэж байхгүй ээ. Жолооч нар холбооноос сумдынхаа шуудан гэж хамаг л сонин хэвлэл, бичиг захидал хийж амыг нь боосон, дээрээ сумын нэрийг тосон будгаар дармалдаад биччихсэн ногоон берзентэн уутаа тэвшин дээрээ хаячихсан байх. Алба амины бичиг захидал, хэвлэл сонин гээд бүхий л зүйл байгаа юм чинь эрх биш лацдаж битүүмжилсэн байдаг байсан байх л даа.
Зорчигчид сууна гэж бас хөөрхөн үйл явдал болно оо…..Хамгийн аятайхан суудал бол кабины ард. Ялангуяа өвөл бол хамгийн дулаахан шүү дээ. Кабины ард буруу хараад, зузаан дах, дээл нөмрөөд суучихсан хүн бол өнөөгийнхөөр онгоцны бизнес танхимд л суулаа гэсэн үг.
За ингээд л замд гарна даа…..Баруун урд талын сумдын шуудан нисэх буудал жаахан өнгөрөөд, зүүн хойд сумдынх бол нефть баазын хөтөл даваад зогсоно.
Жолооч тэвшин дээрээ гарч ирээд бочиктой бензин дээрээ сууж байгаад хайч гаргаж ирээд зорчигчдод тасалбар “бичнэ”. Бичих ч юу байхав дээ, мөнгөн дүнг нь аравт, нэгжээр жагсаагаад биччихсэн ногоон цаасыг л хайчилна. Хэрэндээ үнэт цаас байсан байх шүү. Түүнийгээ мөнгөн дүнд нь тааруулаад л хайчилж өгнө дөө. Ухаандаа 31 төгрөг бичих бол аравтын 30 гэдгийн доогуур хайчлаад нэгжээс нь нэгийн тооны доогуур хайчлах жишээтэй. Үлдэж байгаа хэсгээр нь буцаж ирээд тооцоо хийдэг байж таарна.
Аймгийн авто тээврийн 11 дүгээр баазаас шууданд ер нь голтой л тогтсон хэдхэн жолооч явна. Дүгээням, Сүрэнхор, Дэчин гээд л…..
За ингээд урин дулаан цагт бол хүмүүс бууж бие засч, нуруу биеийнхээ чилээг гаргана. Өвөл цагт бол хурдан явахын түүс. Ялангуяа, цас зудтай өвөл цагт шуудангаар явах гэдэг хатуухан даваа, томоохон шалгуур байсан даа….Хүн бүр зузаан дээл дулаан хувцастай, тэгээд дах дэгтийтэй, зай их эзэлдэг болохоор ёстой л чи цаашаа, би наашаа гээд чихцэлдэнэ. Гэхдээ л өвлийн хүйтэнд задгай тэвшин дээр арваад цаг явна гэдэг чанга.
Замын сумдад бол саатаад байх ч гэж үгүй. Сумын холбооны үүдэнд зогсоод өнөөх ногоон ууттай шууданг нь тэвшин дээрээс доошоо пид хийтэл шидээд л бараг болно. Буух хүмүүс бууна, хүн бараг суухгүй. Сумдын хооронд яваад байх хүн гэж бараг үгүй дээ, тэр цагт.
Ер нь сумдад шуудан ирнэ гэдэг нэг бяцхан баяр шиг л юм болдогсон. Хол ойр суугаа, оюутан, сурагч хүүхэд шуухад, төрөл саднаас захидал ирсэн байж юу магад гэсэн хүмүүс шуудангийн сургаар холбоо руу цуглаж, багацуул хүүхдүүд шохоорхон багахан цуглаан шиг юм болно. Тэр хүмүүс гэртээ хариад өнөөгийнхөөр бол фейсбүүк, FM радио шиг шинэ мэдээллийг шуурхай түгээнэ дээ, харин нэг.
Хэн гэдэг жолооч явж байна, шуудангаар таних, танихгүй….ямар ямар хүмүүс ирсэн, Албаны ямар хүн байна, буудалд ямар хүн буув……гээд л…..Хэн хэнд захидал ирсэн байна……гэхчлэн.
Хөөе, аймгийн хэдхээн дарга нараас бусад албаны хүмүүс чинь хоёрдохын шуудангаар л хөдөө суманд очдог байсан юм шүү дээ…Одоо бол шууданд суух бүү хэл, хүний машинд дайгдаад явчих албан тушаалтан байхгүй дээ….Ичиж үхэх биз….
Жолооч таньдаг айлаараа бууж цай уувал ууна. Баруун урд талын шуудан харин Зүүнбаянгийн гуанзны үүдэнд зогсч хүмүүс хооллоно….

Хөөрхий машин тэрэгний нь хүч чадал нь ч тийм байсан юм уу……Аймгийн төвөөс 245 км зайтай Хатанбулагт гарсан шуудан өглөө гараад орой харанхуй болсон хойно л нэг юм очно..Дах дэгтий, хувцас хунар тэр чигтээ л бензин шингэчихсэн юм бууна шүү дээ. Жолооч нар тэр үед 200 литрийн төмөр торхонд “бочик”-т бензин хийгээд кабиныхаа ард, тэвшнийхээ буланд тавьчихдаг байсантай л холбоотой байх даа.
Заримдаа замд зогсч бензин нэмнэ….Нэг бүдүүн хаймар хоолой /шаланк/ гаргаж ирээд л өнөө бочиктой бензинээсээ өөрөө сорж байгаад банкиндаа бензин хийх. Бензиний үнэр ханхийгээд л охид бүсгүйчүүд, хөгшид ам хамраа таглаад л…..Заримдаамашин тэрэг аахгүй жаахан ажил удаж маневиьдах хэрэг гарна. Зорчигч залуучууд тус болно….бүр болохгүй бол хамжина.
1960-аад оны сүүлчээр аймгийн баазуудад бэлгийн цэнхэр Зил-130 олон очоод парк сайжирсан болоод тэр байх, шууданд Газ-53 явдаг болсонсон. Дуу сайхантай, тэвш томтой……..үгүй мөн том дэвшил болж байж билээ….
Тэгээд удалгүй царцаа ногоон онгоц нисдэг болсон доо…….
Хоёрдохын шуудан гэж хол газраас хэл чимээ дуулгаж, зочин гийчин авчирдаг…..хөдөөгийн буйдхан суманд бяцхан баяр болдог байлаа даа….
Шууданд суун бензин сэнгэнүүлээд зорьсон газраа хүрч, алба амины ажил амжуулж байсан хүмүүс минь цөөрсөөр л байна даа……Тэр олныг зорьсон газарт нь хүргэж явсан шуудангийн найдвартай жолооч ах нар минь ч цөөрсөөр дурсамжинд л үлдэж байх шив дээ….

     Х.Өлзийбаяр

6 Comments

  1. hmimmatt May 28, 2022 at 3:08 pm - Reply

    how Much Cialis Too Much?

  2. qhxbvpjw May 29, 2022 at 8:54 am - Reply

    what Is Cialis?

  3. vgdqdzsj May 29, 2022 at 11:36 am - Reply

    order provigil 200mg online purchase provigil online cheap order modafinil 100mg

  4. смотреть ему в May 30, 2022 at 4:51 am - Reply

    Бесплатный онлайн кинотеатр..
    Доступ смотреть ему в.

    Вы любите смотреть фильмы онлайн.

  5. simwhbcp June 1, 2022 at 10:20 pm - Reply

    provigil canada order modafinil online

  6. zophvwvj June 4, 2022 at 12:34 am - Reply

    how To Take Daily Use Cialis?

Leave A Comment